Шинэхэн найз бүсгүйчүүдтэйгээ нөхрүүдийнхээ талаар ярилцаж байгаад нэг мэдэхнээ хадуураад "нүүрний арьс" гэсэн сэдвийн хүрээнд жигтэйхэн яриа өрнөчихөв...
Нэг бүсгүй маань хэн ч харсан загвар өмсөгч, модель уу гэж андуурмаар сайхан эмэгтэй. Өндөр туранхай, урт бор үстэй, түүнийгээ донжийг нь олоод ороочихсон... Бас ч үгүй хэн хүний орж чадаад байдаггүй төрийн байгууллагад ажил хийдэг. Даанч түүний сэтгэлийг зовоодог нэг асуудал нь түүний "нүүрний арьс".
Бага байхын л нүүрээр гарч зовоодог байсан өнөөх батга гээч нь бас л түүнд гарч. Батгаа эдгээх гэж элдвийн газар очсон ч, эм тариа, маск тос, лазерь эмчилгээ гэх мэтээр нүүрийг нь туршилтын туулай болгож, ёстой харин ч нэг үлдэхээргүй олон сорвитой болгож л дээ... Хальт харахад бол нэг их анзаарагдахгүй ч, үсээ чихнийхээ араар хийхэд хүзүү, эрүү хэсгээр нь нилээн гүн сорвинууд харагдаж байв... Хөх хот руу хүртэл эмчилгээнд явсан ч, тусыг эс олжээ.
Гэвч хамгийн харамсалтай нь түүнийг энэхүү асуудалтай сорвиноос нь болоод эрчүүд бүгд цэрвэдэг гэнэ.
"Найзыг нь эрчүүд анх харчихаад их эргүүлдэг юмөө... Танилцья гээд л тал талаас хоргооно. Тэгээд тухтай нэг газар өөд өөдөөсөө харж суухаар л тэдний царайг ямар болдгийг би ажигладаг. Яг л нэг урам нь хугарсан байртай болж ирээд л , инээмсэглэл нь алга болчихно. Тэгээд л маргааш нь таг болчихно доо..." гэж найз маань сэтгэлээ уудаллаа.
Хоолой нь зангирч ирээд л үнэн сэтгэлээсээ тэрхүү зовлонгоо хуваалцахад нь түүнийх шиг зовлонд унаж, шаналж явсан учир би гэдэг хүн хамгийн ихээр ойлгож байсан юм.
Учир нь би багадаа зайгүй хар сэвхтэй байлаа. Ялангуяа хамар, хацраар битүү гарчихсан... Ангийнхан маань намайг их шоолно. Сэвхт, сэвхт гэж ирээд л хөвгүүд нь ад үзчихнэ. Охидууд хүртэл инээлдээд л ... ер нь ангид ямархуу байдаг нь ойлгомжтой биз.
Бүр нэг удаа Коника дээр зураг угаалгах гээд хүлээж байтал зурагчин ах шууд л "Энэ хар сэвхтэй охин ирж зургаа аваарай" гээд л тэр танхимаар нэг дуудаж билээ. Хэдий жаахан байсан хэдий ч, тэр үг яг л зүрх рүү минь гүн орчихсон.
Эмэгтэй хүүхэд гэдэг аль бага байхын л гоо үзэсгэлэнтэй байхын мөрөөсгөл болдог шүү дээ... Яг л тэр насан дээрээ тийм үг хүнээс сонсохоор өөрийгөө яг л "нугасны муухай дэгдээхий" юм шиг санаж, өөрийн эрхгүй зожигроод л ирнэ.
Нүүрнийхээ хар сэвхийг арилгах гэж түмэн зүйлийн юм хэрэглэж үзсэн. Бараг түрхэж үзээгүй тос, ууж үзээгүй эм, очиж үзээгүй газар гэж байхгүй байх... 8р анги хүртлээ тийм хар сэвхтэйгээ явсаар л байлаа.
8р ангийн хүүхэд л юм чинь бусдыг шохоорхоно, үерхэхийг хүснэ... Гэлээ ч тийм муухай сэвхтэй нүүртэй охинтой ямар хөвгүүн үерхэхийг хүсэх билээ дээ. Ангийн охидууд хөвгүүдтэй үерхэж, хайрын захиа авснаа нэг нэгэндээ ярьж байхад надад харин тэднийг сонсохоос өөр арга байхгүй байдаг байлаа. Зарим ангийн хөвгүүд маань хүртэл намайг "сэвхмаа" гэж дуудна, тэр нь бүр миний нэр болчихсон юм шиг сүүлдээ чихэнд дасал болчихсон ч байх шиг...
Ээж маань миний энэ сэтгэлийн зовиурыг ойлгож, бас миний адил шаналдаг байсныг би мэдэрдэг байсан.
Нэг удаа ээж зурагт үзэж байснаа, учиргүй намайг дуудаад Fashion TV дээр гарч байсан нүүрээрээ дүүрэн сэвхтэй загвар өмсөгчдийг харуулдаг юм байна. Тэгснээ "Миний охин шиг нүүртэй болох гэж хөөрхөн хүүхнүүд чинь албаар ингэж, сэвх тавиулдаг юм байна ш д, энэ чинь бараг мода юм биш үү " гэж хэлэхэд нь миний сэтгэл ямар их уужирч байв аа... Тэр хэдэн загвар өмсөгчдийг харсандаа ч биш, зүгээр л ээжийн хэлсэн энэ үг яагаад ч юм намайг догдлуулаад нэг тийм гэж хэлэмгүйгээр зовиурыг маань авчих шиг болж байлаа.
Тэрнээс хойш би гэдэг хүн чинь сэвхтэйгээ эвлэрээд өөрийгөө сэвхтэй гэдгээ ч мартаж эхэлсэн. Элдэв тос гэж тоохоо ч больсон... Зурагтын суваг солих бүрийд л сэвхтэй хөөрхөн хүүхнүүд гарч, би өөрийгөө тэдний нэгэн адил харагддаг байх хэмээн бат итгэж байсан юм.
Тэгээд нэг жилийн дараа санагдаж байна. 9р ангид орох жилээ анх удаа нүүрэндээ пудр түрхэж үзэж байхдаа өөрийнхөө сэвхнүүдийг аль хэдийн бүдгэрээд алга болчихсон байсныг нь мэдсэн юм даа... Ёстой сонин, бас их гайхалтай санагдаж байсан.
Нөгөө халтайж, завсар зайгүй гарсан байсан сэвхнүүд чинь бараг мэдэгдэхээргүй болтлоо бүдгэрчихсэн байдаг байгаа...
Нэг тийм л зүйл болсон юмдаа...
Хүн гэдэг сэтгэлийн амьтан гэж яах аргагүй үнэн. Нэг юманд хэтэрхий анхаарлаа хандуулаад шаналаад яваад байхаар тэр нь дандаа муугаараа эргээд байдаг их сонин. Харин тоохгүй хаячихаар аяндаа өөрөө бүтээд, эсрэгээрээ сайжирчихдаг...
Тэгээд би найздаа ингэж зөвлөгөө өглөө..." Миний найз өөрийгөө битгий муухай арьстай гэж бод оо, зүгээр л өөрийгөө хөөрхөн гэж бод. Толинд хамгийн түрүүнд нүүрнийхээ сорвийг биш, өөрийнхөө хамгийн сайхан гэж боддог зүйлээ олж харж бай... Тэгээд л бол оо" гэж хэлсээн...














